"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран өнөөдөр (2025.10.30) биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад зориулсан сургалт, санал солилцох зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн удирдлага, мэргэжилтнүүд, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон ЕСБХБанкны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээ, ЖДҮ-ийн санхүүжилт хөгжлийн группийн Тэргүүлэх менежер Б.Уянгаа, ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээ, ЖДҮ санхүүжилт хөгжлийн группийн Ахлах шинжээч Г.Түвшинжаргал, “Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК-ийн зөвлөх М.Сарандаваа, Гүйцэтгэх захирал Ц.Нямгарав, “Capital Markets Mongolia”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Золбаяр нар оролцсон юм.
Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг тэлэх, олон улсын стандартад ойртуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Монголын хөрөнгийн зах зээл FTSE Russell-ийн “Хөгжиж буй зах зээл” ангилалд багтсан явдал юм. Энэ нь манай зах зээлийн өсөлт, тогтвортой байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрснийг илтгэж байгаа хэрэг.
Мөн биржийн арилжааны бүтэц сүүлийн жилүүдэд эрс өргөжиж, хэдхэн жилийн өмнө зөвхөн хувьцаа болон бонд арилждаг байсан бол өнөөдөр бид хувьцаа, бонд, ХБҮЦ, сангийн нэгж эрх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг амжилттай арилжиж байна. Үүнээс гадна түүхий эдийн буюу уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нэвтрүүлснээр биржийн үйл ажиллагаа улам өргөжин тэлж байна.
Бидний зүгээс энэхүү өсөлтөө баталгаажуулах, тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхийн тулд 2025 онд биржийн журмуудыг шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн оролцогч талуудад илүү хүртээмжтэй, үр ашигтай, уян хатан орчныг бүрдүүлэхэд чиглэн ажиллалаа.
Ялангуяа үнэт цаас гаргагч компаниудын хувьд санхүүжилт татах үйл явцын хугацаа болон зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлд нээлттэй хэвээр оролцох нөхцөлийг сайжруулах чиглэлд бодит дэмжлэг болохыг онцолж байна.
Цаашид бид зөвхөн зохицуулалтын орчныг сайжруулаад зогсохгүй, зах зээлийн оролцогчдыг дэмжих, үнэт цаас гаргагчдын ачааллыг хөнгөлөх, шинэ бүтээгдэхүүн, шинэ боломжуудыг нээх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев:

“Та бүхэнтэй Монголын хөрөнгийн биржийн танхимд уулзаж байгаадаа баяртай байна. ЕСБХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зохих хувь нэмрийг оруулахыг зорьдог.
Үүний тулд Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай, Учир нь Монголын хөрөнгийн зах зээл манай банкны зорилтот салбар юм.
Өнгөрсөн 7 хоногт Лондонгийн хөрөнгийн бирж дээр болсон Хөрөнгө оруулагчдын уулзалт дээр Монголын бизнесүүдийг сонирхсон хөрөнгө оруулагчидтай албан уулзалтуудыг хийсэн.
Бид цаашид Монголын хөрөнгийн биржтэй нягт хамтран ажиллаж, биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг хөрөнгийн зах зээлд илүү амжилттай ажиллах, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
Түүнчлэн бидний дараагийн нэг том зорилго бол хөрөнгө оруулалт, санхүүжилтээс гадна компаниудын засаглалыг сайжруулах, хувьчлалд бэлдэх, бизнесээ өргөжүүлэх тал дээр зөвлөн туслаж ажиллах” гэдгийг онцоллоо.
Үүний дараа үндсэн сургалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаа үргэлжилсэн. Үүнд:

“Нээлттэй компани байхын ач холбогдол, үнэ цэнэ” сэдвийн хүрээнд МХБ-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж;

"Биржийн журмуудын шинэчлэлт ба боломжууд” сэдвийн хүрээнд Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн М.Энхтуяа;

“Олон улсын хөрөнгө оруулагчдад танигдах боломж” сэдвийн хүрээнд Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин нар тус тус мэдээлэл хүргэж, компанийн төлөөллүүдийн тодруулсан асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Үдийн дараах хөтөлбөрийн дагуу ЕСБХБ-ны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээ, ЖДҮ санхүүжилт хөгжлийн группийн Ахлах шинжээч Г.Түвшинжаргал “Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээний танилцуулга” мэдээллийг хүргэсэн юм.

“Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК-ийн зөвлөх М.Сарандаваа “БОНЗ-ын тайлангийн ач холбогдол, олон улсын шаардлага ба тулгарч буй сорилтууд” сэдвийн хүрээнд;

“Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Нямгарав "Хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ ба тооцоолол” сэдвээр;

“Capital Markets Mongolia”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа, бодит туршлагууд” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.
Өнөөдрийн үйл ажиллагаанд МХБ-д бүртгэлтэй 50 гаруй компанийн төлөөлөл 80 орчим зочин оролцсон.

Цаашид хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нээлттэй, ил тод, сайн засаглал бүхий өрсөлдөх чадвартай компани болоход ЕСБХБанк болон сургалт мэдээлэл хүргэсэн байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



