• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52652.25

( -91.24 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52652.25 -91.24
MSE A Индекс 20178.14 -6.07
MSE B Индекс 14474.9 -127.66

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-06 15:28:21

Энэ өдөр нийт 12,567,744,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮЗЭЛ САНААГ ДЭМЖИН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-06 11:07:32

Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 80 гаруй орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин цан цохих ёслол үйлдэж байгаа ба “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7661 дахь арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.

3-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-05 15:34:51

Энэ өдөр нийт 29,827,423,727 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮЗЭЛ САНААГ ДЭМЖИН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-06 11:07:32

“Монголын хөрөнгийн бирж” ХК "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан жил бүр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийт болон хөрөнгийн зах зээлийн харилцагч байгууллагуудаа уриалж, цан цохих ёслол зохион байгуулдаг уламжлалтай.Энэхүү ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, БХГ-ын захирал Т.Хаш-Эрдэнэ, ЗСГ-ын захирал Х.Эрдэнэбүрэн, ҮА-ны газрын захирал И.Жавхлан, УУБАБГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батзаяа оролцлоо.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Мандахай, Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулан, Монгол дахь Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Маттью Ле Блан, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Линь Цао, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Б.Саруул, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП ААН, хувьцаат компани, гишүүн Үнэт цаасны компаниудын эмэгтэй захирал, удирдлагууд хүндэт зочдоор уригдан ирсэн бол биржийн БХГ-ын захирал Т.Хаш-Эрдэнэ энэхүү арга хэмжээний цар хүрээ, зорилго, ач холбогдлыг онцлон, үйл ажиллагааг хөтлөн явуулсан юм.

Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ: 

"Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдодоо талархал илэрхийлээд, эрхэмсэг бүсгүйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье!

2026 онд Монголд төдийгүй дэлхийн 80 гаруй орны хөрөнгийн биржүүд 12 дахь жилдээ НҮБ-ын Глобал компакт, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Тогтвортой хөрөнгийн бирж санаачилга, Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн биржүүдийн холбоо зэрэг байгууллагуудтай нэгдэн “Ажлын байр, зах зээл, олон нийтэд хүйсийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулахын ашиг тус, үр өгөөжийг сурталчлах, компанийн засаглал дахь жендэрийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэх” уриалгыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм.

МХБ ийнхүү жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин 10 дахь жилдээ энэхүү цан цохих ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Аливаа бизнес, албан байгууллагууд жендэрийн тэгш оролцоог хангаж ажилласнаар хүний эрх, эрх чөлөөний шударга зарчмыг дэмжихийн зэрэгцээ шийдвэр гаргалтдаа “жендэрийн мэдрэмжтэй цонх”-оор харж, ажлын үр дүнгээ нэмэгдүүлэх, үнэлэхэд нөлөө бүхий хүчин зүйл болдог. 

Тиймээс Монголын хөрөнгийн биржийн зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа хандан уриалж байна” гэв.

УИХ-ын гишүүн М.Мандхай:

"Энэхүү санаачилгад оролцож буй байгууллагууд нь зөвхөн өөрчлөлтийн манлайлагчид төдийгүй тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүч гэдэгт би итгэлтэй байна. Жил бүр дэлхий даяарх хөрөнгийн биржүүд болон санхүүгийн байгууллагууд уг санаачилгад нэгдэж, жендэрийн тэгш байдлыг дэмжих хүчтэй мессежийг нийгэмд хүргэж байна. Энэ нь зөвхөн бэлгэдлийн шинжтэй үйлдэл бус, харин эдийн засаг, бизнес, компанийн засаглалын хүрээнд тэгш боломжийг бий болгох бодит уриалга юм.

Өнөөдөр нэгэн ойлголт улам тодорхой болж байна. Дэлхийн хөрөнгийн зах зээлд жендэрийн тэгш байдал нь зөвхөн нийгмийн асуудал бус, харин сайн засаглалын үндсэн шалгуур үзүүлэлт болсон. Жендэрийн тэгш байдлын төлөө цан цохих олон улсын санаачилгад нэгдэн, сүүлийн арван жилийн хугацаанд жендэрийн тэгш байдлын үнэ цэнийг сурталчлан нийгэмд эерэг мессеж түгээж ирсэн Монголын хөрөнгийн биржийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн хэллээ.

Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулан:

 

Жендэрийн тэгш байдлыг заримдаа зөвхөн дэлхий нийтийн нийгмийн асуудал мэтээр авч үздэг. Харин миний хувьд энэ нь бодит байдал дээр эдийн засгийн асуудал, бүтээмжийн асуудал юм. Боломжууд илүү өргөн хүрээнд нээлттэй болох үед нийгэм бүхэлдээ илүү их авьяас, чадварыг ашиглах боломжтой болдог. Үүний үр дүнд гэр бүлүүд тогтвортой болж, эдийн засаг илүү эрч хүчтэй, динамик болдог...

...Сангийн дэд сайдын хувьд би жендэрийн тэгш байдлыг тусгай нэгэн хөтөлбөрийн асуудал гэж бус, харин илүү тэсвэртэй, орчин үеийн эдийн засгийг бий болгох үйл явцын салшгүй хэсэг гэж хардаг. Энэ нь хүн бүр гарал үүсэл, нөхцөл байдлаас үл хамааран амжилттай хөгжих боломжтой, мөн залуучууд эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан бизнес эрхлэлт, санхүү, манлайллын салбарт өөрийн ирээдүйг харж чадах эдийн засгийг бүтээхэд чиглэдэг.

Тиймээс өнөөдөр цан цохих үйл явц нь энгийн боловч маш хүчирхэг утга агуулгыг илэрхийлж байна. Энэхүү жендэрийн тэгш байдлын төлөөх ахиц дэвшил нь манай зах зээл, манай байгууллагууд, манай нийгмийг бүхэлд нь илүү бат бөх болгодог гэдгийг сануулж буй хэрэг юм.

Иймд Монгол Улсын эдийн засгийн өсөлт зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй, мөн хүртээмжтэй, тогтвортой байдлыг хангахын төлөө төр, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажилласаар байхыг уриалж байна" гэв.

Монгол дахь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч Маттью Ле Блан:

“Дэлхий даяар аливаа байгууллагын ТУЗ-д эмэгтэйчүүдийн эзэлж буй хувь 23.3, CAO албан тушаалын 17.6 хувь, зөвлөл даргалагчийн 8.4 хувь, гүйцэтгэх захирал буюу CEO албан тушаалын 6 хувийг тус тус эзэлж байна.

Хүн бүрт ажлын байр болон эдийн засгийн боломж, хүртээмжийг нэмэгдүүлбэл дэлхийн бүтээмж, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт ч нэмэгддэг. Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоонд саад тотгор болж буй бэрхшээлүүдийг арилгаж чадвал үйлдвэрлэл 15-20 хувиар өсдгийг судалгаа харуулдаг.

Монгол Улс бол эмэгтэйчүүдэд боломж олговол хэр хүчирхэг, ямар өндөр чадвартайг илтгэдэг гайхалтай жишээ үзүүлэгч орон юм. Эндээс Монголын эмэгтэйчүүдийн ур чадвар, хүчирхэг байдал тод харагддаг. Бид энэ санаачилгын нэг хэсэг болж байгаадаа маш их бахархаж байна” хэмээн хэлсэн юм.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Линь Цао:

“Олон улсын эмэгтэйчүүдийн баяр нь эмэгтэйчүүд, охидын эрх, шударга ёсыг уриалсан дэлхийн өдөр юм. Энэ онцгой өдөр нь шударга ёс, тэгш хүртээмжгүйгээр жендэрийн тэгш байдлыг хангах боломжгүйг бидэнд сануулдаг. Учир нь хууль эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч дэлхий даяар охид бүсгүйчүүд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, нийгмээс гадуурхагдах асуудалтай тулгарсаар байна. Харин Монгол Улсад UNDP нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад түншүүдтэй хамтран хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дэмжих, жендэрийн мэдрэмжтэй, иргэд төвтэй үйлчилгээ бий болгоход зорин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Б.Саруул:

“Жендэрийн эрх тэгш байдлын цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хороог төлөөлөн оролцож байна. Санхүүгийн зохицуулах хороо зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулж байна.

2025 онд хадгаламжийн сертификатыг арилжаанд нэвтрүүлсэн чухал жил байлаа. Харин 2026 онд IFC-тэй хамтран ногоон санхүүгийн хэрэгслүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тус хороо Жендэрийн үндэсний хорооны гишүүн төдийгүй, аливаа ажил бүртээ жендэрийн тэгш байдлыг хангах, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилж ажилладгаараа Монголын санхүүгийн зах зээлийн жишигт мөр зэрэгцэн ажиллаж байна” хэмээн хэллээ.

Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 80 гаруй орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин цан цохих ёслол үйлдэж байгаа ба “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7661 дахь арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.

Онцлоход: Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Хаан банк" ХК 2011 оноос эхлэн байгаль орчин, нийгмийн бодлогыг зээлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрт нэгдэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг үйл ажиллагаатайгаа уялдуулан ажиллахын зэрэгцээ, 2025 оны 7 дугаар сард жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “Жендэр бонд” шинэ төрлийн санхүүгийн хэрэгслийг олон нийтэд санал болгосон юм.

Тус банк дотоодын зах зээлд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нийт 300,000 ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож 30,000,000,000 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж байв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ