Тус сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн Эдийн засгийн онолын ахлах багш Г.Гантөгс болон 1-р курсын 150 орчим оюутан залуус өнөөдөр (2026.03.13) Монголын хөрөнгийн биржид зочилж, Хөрөнгийн зах зээлийн талаарх онолын хичээлээ бататгах практик сургалт, холбогдох мэдээллүүдийг авлаа.

Эдийн засгийн онолын ахлах багш Г.Гантөгс:
“Шихихутуг их сургууль нь 35 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй хувийн, хуулийн ууган сургууль. Энэ жил зөвхөн 1 дүгээр курст гэхэд 300 гаруй оюутан суралцаж байна. Харин хуулийн сургууль учраас Эдийн засгийн хичээлийн цаг, агуулга бага. Гэтэл орчин үед хөрөнгийн зах зээлийн цар хүрээ тэлж байна, бид хөгжлөөс хоцорч болохгүй. Түүнчлэн хуульчаар сурч, төгч буй хүмүүсийн хувьд үнэт цаасны зах зээл дээр хууль эрх зүйн зохицуулалтад юу дутмаг байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил улс орны эдийн засагт яагаад чухал вэ гэдгийг ойлгох зайлшгүй шаардлагатай.
Мөн оюутнууд маань сургуулиас зөвхөн хуулийн мэдлэг авахаас гадна иргэнийхээ хувьд зах зээлтэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой.
Бид 2017 оноос бэлэн мөнгийг үйлдвэрлэхэд тодорхой өртөг зардал гарч байдаг. Тиймээс эргэлтэд байгаа бэлэн мөнгөөс бага дэвсгэрт, зоосон мөнгийг ч хадгалж, хуримтлал үүсгэж заншихыг шавь нартаа зөвлөж ирсэн. Энэхүү дадал зуршлыг бүтээхэд 8 жилийг зарууулсан байна.
Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутнууд “Би хадгаламжтай” гэдэг болсон. Эндээс харахад залуу хойч үеэ бид “Санхүүгийн нөөцөө хэрхэн үр ашигтай захиран зарцуулах вэ?” гэдэг дээр зөв чиглүүлэх, туслах зайлшгүй шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд бага мөнгөөр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж турших, цаашлаад зарчмыг нь судалж, ойлгож мэдэх, илүү туршлагажих эхлэлийг тавихад зорьж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн төв, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгууллаа. Хамтран ажилласан та бүхэнд баярлалаа” гэв.
Энэ үеэр биржийн МОНХА-ны Бизнес хөгжил хариуцсан Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж ажилласан.

“Шихихутуг" их сургуулийн 1В ангийн оюутан Б.Анужин:
-Өнөөдрийн сургалт, үйл ажиллагааны талаар дүгнэлтээ хуваалцана уу?
-Энэ удаагийн хичээл маань маш шинэлэг байлаа. Өмнө нь огт мэддэггүй байсан зүйлийнхээ талаар сонирхолтой мэдээллүүдийг аваад, цаашид илүү судлах хэрэгтэй юм байна гэж бодлоо.
-Та хуримтлалтай юу. Хэрэв байдаг бол ямар тодорхой зориулалттай хадгалж эхэлсэн үү?
-Тийм ээ, байгаа. Анх хуримтлалаа яг ийм зүйлд зориулна гэж нарийн төлөвлөөгүй. Зайлшгүй мөнгө хэрэгтэй үед зарцуулах нөөц гэж боддог байсан. Харин одоо хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй бүтээгдэхүүнүүдийг сайтар судлаад хөрөнгө оруулалт хийхийг сонирхож үзье гэсэн бодолтой боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



