НИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 25/145 тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 49 тоот тогтоолын дагуу олон нийтэд санал болгож буй “Нийслэл бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг өнөөдөр (2026.03.30) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч Х.Нямбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, "Дулааны тавдугаар цахилгаан станц" ОНӨААТҮГ-ын дарга А.Бямбадорж болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ:
"Эрхэм хүндэт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон НЗДТГ-ын удирдлагууд, хөрөнгө оруулагч түншүүд ээ!
Нийслэлийн Засаг даргын гаргаж буй Дулааны 5 дугаар цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэх зорилго бүхий тус бондыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг 81-р тогтоолоор олон нийтэд санал болгох зөвшөөрөл олгогдсон.

Ийнхүү бид өнөөдөр бид дотоодын зах зээлд 3 жилийн хугацаатай, жилийн 14%-ийн хүүтэй, нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг ”Нийслэл бонд” өрийн хэрэгслийг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 200 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх арилжааны захиалгыг хүлээн авахаар боллоо.
Энэхүү бонд нь зөвхөн нэг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх бус харин нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг түүчээлэх мега төслүүдийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан шийдвэрлэх боломж байсаар байгаагийн тод илэрхийлэл юм. Тус төслийн санхүүжилтийг амжилттайгаар төсөөлж Монголын хөрөнгийн биржийг сонгон зах зээлд гаргахад манлайлан ажилласан НЗДТГ болон андеррайтер "Эм Ай Си Си" ҮЦК ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Цаашид бид Улаанбаатар хот болон Монгол Улсын томоохон мега төслүүдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжүүлэх чиглэлд илүү нягт хамтран ажиллаж, ил тод, үр ашигтай, олон улсын жишигт нийцсэн санхүүжилтийн шийдвэрүүдийг хамт хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.
Ийнхүү Нийслэл бонд өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье!” гэв.
Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

“Нийслэл бонд”-ыг олон нийтэд санал болгох энэ үйл явц бол Нийслэл хотын түүхэнд шинээр бичигдэх нэг түүхэн үйл явдал болохыг онцлон хэлье. УИХ-аас 2022 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Нийслэл өөрөө томоохон дэд бүтцийн хөтөлбөрүүдээ санхүүгийн олон тулгуурт хэрэгсэл ашиглаж санхүүжүүлдэг боломж нээгдсэнээс хойш Нийслэлд олон өөрчлөлтүүд гарсан. Нийслэл хот анх 1954 онд Хөгжлийн I ерөнхий төлөвлөгөөг баталж, 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Харин өнөөдөр 2 сая хүнтэй, том хот болон өргөжин тэлсэн байна. Энэ нь Улаанбаатар хотоос дэд бүтцийн томоохон өөрчлөлт шинэчлэлт, хөрөнгө оруулалтыг зүй ёсоор шаардаж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 40 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр айл өрхийг орон сууц руу шилжүүлэхийн тулд нэн тэргүүнд дулаан, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм.
Нийслэл Улаанбаатар хотод одоогоос хоёр жилийн өмнө анхны дотоод бондыг арилжиж байсан. Тэгвэл хоёр жилийн хугацаатай гаргасан “Улаанбаатар бонд”-ын эргэн төлөлтийг оны эхний хоёрдугаар хагаст төлж дууссан учраас одоо “Дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг санхүүжүүлэх эхний санхүүжилтэд шаардагдах 200 тэрбум төгрөгийн бондыг ийнхүү арилжихад бэлэн болсноо Нийслэлчүүддээ дуулгахад таатай байна.
Тус станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно. Бид 2028 оны нэгдүгээр улирал буюу хоёр жилийн дараа цахилгаан станцын эхний блокийг хүлээж авснаар энэхүү төслийн үр өгөөжийг олон нийтэд хүртээнэ. Мөн тухайн оны 5 дугаар сард хоёрдугаар блок ашиглалтад орж төсөл амжилттай дууссанаар Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг дулаан цахилгаанаар хангана” хэмээн мэдэгдлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:

“Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг 2050, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон, Нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “Дулааны 5 дугаар цахилгаан станц төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү “Нийслэл бонд”-ыг олон нийтэд арилжаалах ажлыг зохион байгуулж байна. Дэлхийн томоохон хотууд ч дэд бүтцийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж шийдвэрлэсэн туршлагууд цөөнгүй байдаг.
Өмнө хэлсэнчлэн “Улаанбаатар бонд”ыг олон нийтэд санал болгож, 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээс тухайн хөрөнгийг нийслэл хотын бүтээн байгуулалт буюу зам засвар, эрчим хүч, бохир усны байгууламжийн засвар үйлчилгээ зэрэг Нийслэлийн дэд бүтцийн томоохон асуудлуудыг шийдэхэд зориулалтын дагуу амжилттай зарцуулсан.
Тэгвэл Засгийн газрын 2026 оны 49 дүгээр тогтоолоор “Дулааны 5 дугаар цахилгаан станц төсөл”-ийг санхүүжүүлэх 200 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг олгож, эргэн төлөлтийг Нийслэлийн төсөвт тусгасан. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд томоохон дэд бүтцийн төслүүд хөрөнгийн зах зээлээр дамжиж хэрэгжихийг дэмжиж ажилладаг. Үүний баталгаа болж Нийслэлээс гаргаж буй энэхүү бонд нь төр засгийн бодлого буюу хөрөнгийн зах зээлийг олон тулгуурт чиглэлээр хөгжүүлэх, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэлд тодорхой үүрэг гүйцэтгэж байна” гэдгийг онцоллоо.

Үйл ажиллагааны төгсгөлд Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үнэт цаасны зах зээлийн 7677 удаагийн арилжааг нээх ёслолын цан цохих ёслол үйлдэн, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



