“Монголын хөрөнгийн бирж” ХК дунд хугацааны стратеги төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр (2026.04.10) “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр” хэрэгжүүлж эхлэн, зах зээлийн оролцогч талуудыг хамруулсан өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийн нээлтэд Сангийн Дэд сайд Б.Хулан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Газрын захирлууд, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт Н.Энхбаатар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Клирингийн албаны ахлах ажилтан А.Бямбажаргал болон Брокер, дилерийн компани, Хөрөнгө оруулалт менежментийн компаниудын удирдлага, мэргэжилтнүүд өргөнөөр оролцсон юм.
Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ:

“Хөрөнгийн зах зээл хөгжихийн үндэс нь зөвхөн олон компани бүртгүүлэх, эсвэл зах зээлийн үнэлгээ өсөхөд оршдоггүй. Жинхэнэ хөгжил нь тухайн зах зээл идэвхтэй арилжаатай, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, үнэ нь шударгаар тогтдог, оролцогчдын итгэл дээр суурилсан байх үед бий болдог.
Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл өсөлтөө хадгалж, оролцогчдын тоо нэмэгдэж, бүтээгдэхүүний хүрээ тэлж байгаа ч бидний өмнө шийдэх ёстой нэг томоохон асуудал байсаар байгаа нь “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар юм.
Иймд Монголын хөрөнгийн биржийн зүгээс хөгжлийн дараагийн шатанд “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар”-ыг бодитоор сайжруулах зорилтод төвлөрч байна. Энэхүү тусгай хөтөлбөрийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллана.
Үүнд:
-
Зах зээл үүсгэгчийн тогтолцоог сайжруулах,
-
Шорт арилжаа, үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлэх,
-
Арилжааны өртгийг бууруулах бодлого хэрэгжүүлэх,
-
Шинэ бүтээгдэхүүн, шинэ индекс, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх,
-
Өгөгдөл, тайлагнал, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулах зэрэг ажлууд багтах юм.
Энэ нь зөвхөн биржийн дотоод шинэчлэл биш бөгөөд зах зээлийн оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан, үр дүн нь олон нийт, хөрөнгө оруулагч, компани, мэргэжлийн оролцогч бүрт хүрэх ёстой цогц бодлогын ажил юм.
Тиймээс өнөөдрийн арга хэмжээ бол зөвхөн хөтөлбөр зарлах эхлэл биш. Бид зах зээлийн оролцогчидтойгоо нээлттэй ярилцаж, хамтдаа шийдэл боловсруулан хэлэлцэж, хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх хамтын ажиллагааны эхлэлээ тавьж байна.
Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжихэд төр, зохицуулагч байгууллага, биржийн гишүүд, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоодын хамтын оролцоо хамгаас чухал” гэдгийг онцоллоо.

Сангийн Дэд сайд Б.Хулан: “Хөрөнгийн зах зээлийг дэмжих төрийн болон татварын бодлого”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдэд Хөрөнгийн зах зээлийг дэмжсэн нийт 9 төрлийн татварын дэмжлэг байгааг онцоллоо.

Тухайлбал:
- Үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах хугацаа 40 жил байсныг 25 жил;
- Дотоодын аж ахуйн нэгжийн өрийн хэрэгсэл худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгийн татварыг 5%;
- Арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл, өрийн хэрэгслийн хүүгийн татварыг 5% болгосон.
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг дэмжих чиглэлд:
-
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан үнэт цаасаа борлуулахад анх худалдаж авсан дүн болон шимтгэлийн зардлаа хасна;
-
Үнэт цаас борлуулсны орлогод 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт эдлүүлнэ;
-
Биржийн арилжаанд оролцогчид тус бүр татвараа өөрөө тооцож тайлагнадаг тогтолцоог өөрчилж Татварыг суутган тооцох системийг нэвтрүүлсэн.
Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх чиглэлд
-
Үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагдах компанийн Хувьцааны ногдол ашгийн суутган татварыг 5 хувь болгосон;
-
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг чөлөөлсөн;
-
Хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгохтой холбоотой зардлыг 20 хувиар өсгөж тооцох боломжтой зэргийг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт Н.Энхбаатар:
Шинэ бүтээгдэхүүн, арилжааны механизмыг дэмжих бодлого болон зохицуулалтын хүрээнд хийгдэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Тухайлбал “2025 онд баталсан “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” УИХ‑ын 79 дүгээр тогтоолын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцлийн үнийн дүнгээс тооцдог зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 100%, хэлцэл тус бүрийн хөлсийг 50%, мөн шимтгэлийн орлогоос тооцдог хөлсийг 50%‑иар тус тус бууруулж, брокерийн хувьцааны арилжааны үйлчилгээний хөлсийг 2027–2030 онд бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийн үр дүнд хөрөнгийн зах зээлд оролцогчдын нийт зардал буурч, аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмаар санхүүжилт татах, улмаар зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх суурь нөхцөл бүрдэж, зах зээлийн өрсөлдөх чадвар, идэвхжил нэмэгдэх боломж улам тэлж байна гэв”
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ:

“Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн танилцуулгыг хийсэн бөгөөд “Энэхүү хөтөлбөр нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн, зах зээлийг зөвхөн томруулах бус, илүү идэвхтэй, илүү хөрөнгө оруулалт татах чадвартай болгох тусгай хөтөлбөр” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн энэхүү тусгай хөтөлбөрийн хүрээнд
-
Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журмын шинэчлэл
-
Шорт арилжааны журам
-
Мэдээллийн нэгдсэн платформ (www.open.mse.mn)
-
Салбарын болон гүйцэтгэлд суурилсан индексүүд
-
Хувьцаа, индексэд суурилсан дериватив нэвтрүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд санал болгож, арилжаанд оролцох өртгийг бууруулах, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, үнэт цаас гаргах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласнаар зах зээлийн хөрвөх чадвар, арилжааны идэвх, бүтээгдэхүүний төрөлжилт, мэдээллийн ил тод байдал, хөрөнгө оруулагчийн зах зээлд итгэх итгэл үе шаттай сайжрах хүлээлттэй байна” гэв.
Мөн энэ үеэр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Клирингийн албаны ахлах ажилтан А.Бямбажаргал Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх журмын танилцуулгыг хийсэн бөгөөд мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журмын шинэчлэл болон Шорт арилжааны журмыг танилцууллаа.

Үйл ажиллагааны төгсгөлд биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан: Хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудын хоорондын харилцаа, уялдаа холбоог нэмэгдүүлэх, зах зээлийн ил тод байдал, болон үр ашгийг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Нэгдсэн мэдээллийн сан”-гийн системийг нэвтрүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийсэн.

Тус санг нэвтрүүлснээр МХБ-д бүртгэлтэй хувьцаат компани болоод бусад үнэт цаас гаргагчдын мэдээллийг цахимаар хүлээн авч, олон нийтэд түгээх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах систем нэвтрүүлэх төдийгүй гаднын хөрөнгө оруулагчдад мэдээллийг хүргэх чиглэлээр хөгжүүлэлт хийгдэж буйг мэдэгдлээ.
Түүнчлэн энэ үеэр ҮЦК-иудын Гүйцэтгэх захирал, Хөрөнгө оруулалтын шинжээчид болон мэргэжилтнүүдэд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, дүн шинжилгээ, туршлагаа хуваалцаж, үйл ажиллагааны төгсгөлд Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг хэрхэн талаар нээлттэй, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Бидний урилгыг хүлээн авч өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууддаа талархал илэрхийлье.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



