“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2026.04.22) Дорноговь аймагт зохион байгууллаа.
Тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир нар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ сургалтын зорилго, хүртээмж, ард иргэдэд хүрэх өгөөжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан “Санхүүгийн боловсрол" сэдвээр мэдээлэл хүргэсэн бол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өглөө.

Түүнчлэн Дорноговь аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ц.Чанцал иргэдэд хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж ажилласан.

Тус сургалтад нийт 400 гаруй иргэн хамрагдсан бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарынхаа мэдээллийг шүүлгэлээ.

Энэ үеэр үйл ажиллагаанд оролцсон иргэний сэтгэгдлийг сонссон юм.
Сайншанд сумын 4 дүгээр багийн иргэн н.Мөнхцогт:

“Би орон нутагт ажиллаж амьдардаг ч хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоод 10-аад жил болж байна. Анх хамаатныхаа хүнээс хувьцаанд хөрөнгө оруулалт хийх, арилжаа хийж сурах талаар мэдээлэл авч байсан. Түүнээс өмнө нь “Зөвхөн баян хүмүүс, босс, компанийн захирлууд л үнэт цаас авдаг” гэж ойлгодог байлаа. Харин энэ зах зээлийг сонирхоод УБ хотод зорьж очиж үнэт цаасны данс нээлгэж байсан. Түүнээс хойш бага багаар арилжаа хийсээр, сүүлд Монголын хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй компани болно гэдгийг сонсоод захиалга өгсөн. Анх 303 ширхэг хувьцаа авч байлаа. Одоогоор 200 орчим хувийн өгөөж хүртээд явж байна. Иргэдэд зөвлөхөд хөрөнгө оруулалтыг заавал баян хүн хийдэггүй юм байна. Өөр өөрсдийн боломжийн хэмжээгээр хөрөнгийн зах зээлээс бүтээгдэхүүн авч заншаарай гэж зөвлөе” гэв.

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



