• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50648.19

( -24.46 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50648.19 -24.46
MSE A Индекс 19502.81 48.42
MSE B Индекс 14195.96 -74.75

Мэдээ мэдээлэл

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2026-05-12 17:49:45

Анхдагч зах зээлийн арилжааг тогтоосон үнийн аргаар зохион байгуулж, захиалгын үнийн дүн 150,000,000,000 төгрөгт хүрсэн даруйд арилжааг хаах болно.

5-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-12 16:43:11

Энэ өдөр нийт 63,227,630,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭДЭГДЭЛ

2026-05-12 14:49:45

“Үндэсний дата төв” дээр интернет сүлжээний доголдол гарсантай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрсний арилжаа цуцлагдсан тул тус арилжааг 15:00 цагаас дахин зохион байгуулах болсныг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

“ӨМНӨГОВЬ БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-13 10:51:09

Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орон нутгийн анхны бонд “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг өнөөдөр (2026.05.13) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ:

"Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо болон Өмнөговь аймгийн удирдлагууд, хөрөнгө оруулагч түншүүд ээ!

Өнөөдөр бид анх удаа аймаг орон нутгаас хөгжлийн томоохон төслөө санхүүжүүлэх санаачилгыг ажил хэрэг болгох онцгой мөч, түүхэн үйл явдлын гэрч болж байна.

Монголын хөрөнгийн бирж дээр 2 жилийн хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг ”Өмнөговь бонд” өрийн хэрэгслийг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 150 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх арилжааны захиалгыг хүлээн авах гэж байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг Даланзадгад хотын 50MBт-ын Дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулж, тайланг улирал тутам СЗХ-нд хүргүүлэхээ мэдэгдсэн.

Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг орон нутгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийн дэмжин, арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

“Өмнөговь бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье” гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж:

Өнөөдөр Монголын санхүүгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээгдэж байна. МУ Засгийн газрын бонд, Нийслэлийн бонд гаргаж байсан бол одоо анх удаа аймгийн бонд гаргаж байна. Би 2023 онд аймгийн засаг дарга байх үед энэхүү Бондын бэлтгэл ажлыг хангах эрх үүссэн, 2023 оны 12 сард аймгийн бонд гаргах ИТХ-ын анхны тогтоол гарч энэ өдрөөс хойш Өмнөговь аймаг, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж нийлж өнөөг хүртэл хамтран ажиллалаа. Энэхүү түүхэн шийдвэрийг гаргахад хамтран ажилласан тухайн төрийн эрх бүхий албан тушаалтнууд Өмнөговь аймгийн нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Энэхүү бондын татан төвлөрүүлсэн мөнгөөр дулааны цахилгаан станцаа барьснаар Өмнөговь аймаг 3-4 дахин том хот болох боломж нээгдэнэ.

Цаашид бид Татварын хуульд өөрчлөлт оруулж орон нутгийн бондыг 5%-ийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна” гэдгийг мэдэгдлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:

“Өнөөдрийн Өмнөговь бондыг олон нийтэд санал болгох түүхэн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. 2022 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт орсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд анх удаа 5 аймгийн засаг дарга УИХ-д сонгогдсоноор эдгээр гишүүдийн санаачилгаар аймгийн ИТХ-д тодорхой эрх олгох, өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-ийн шийдвэрээр орон нутгийн үнэт цаас гаргах боломж бүрдсэн юм. Энэ бол бүс нутгийн хөгжилд түлхэц өгсөн түүхэн заалт болсон. Түүний үр дүнд өнөөдөр орон нутгийн анхны бонд гарч байна” гэдгийг онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:

“Дэлхийн томоохон хотууд дэд бүтцийн том төслүүдээ санхүүжүүлэхээр бонд гаргаж санхүүжилт татах арга түгээмэл байдаг. Монгол Улсын тухайд анхны Нийслэлийн “Улаанбаатар бонд”-ыг 2024 онд гаргаж байсан бол аймаг орон нутгуудаас Өмнөговь аймаг анх удаа бонд гаргаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос нийт 500 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэх зөвшөөрлийг олгосноос өнөөдөр эхний транчаар 150 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх гэж байна. Ингээд арилжааны үйл явцад нь амжилт хүсье” гэв.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат:

“Монгол Улсад анхдагч болж  орон нутгийн бонд гаргах ажлыг 3 жилийн өмнөөс эхлэн шат дараатай амжилттай зохион байгуулж, бэлтгэл ажлаа ханган өнөөдөрт ирлээ. УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, ард иргэддээ ойлгуулж Дулааны цахилгаан станц барих шийдвэрийг гаргах гарцаагүй шаардлага байсан. Тухайлбал манай аймгийн хүн ам жилээс жилд өсч  одоогийн байдлаар 83,000 иргэн, уул уурхай, бизнесийн бусад салбар, хоёр хилийн бүс, боомтод ээлжээр ирж очин ажилладаг 75,000 хүн байгаа гэсэн судалгаа гарсан. Үүнийг дагаад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот 35,000 иргэнтэй том хот болон өргөжиж байна. Үүнтэй уялдуулан удахгүй УИХ-ын шийдвэрийн дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 2026 оны 6 сараас 1-ний өдрөөс Даланзадгад хот болохоор хуульчлагдсан байгаа. Иймээс энэхүү өсөн нэмэгдэж буй хүн ам, үйлдвэрлэл, бизнесийн орчны ачаалалд нийцүүлэн бид орон нутагтаа Цахилгаан станц шинээр барих энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэх юм” гэдгийг онцлоод Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7709 дэх удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдсэн юм.

Төгсгөлд нь Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ