Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойн хүрээнд "Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя" уриа дор санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2026.06.04) Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн биржүүд, биржийн бус зах зээлийн төлөөлөл нэгэн талбарт хуран цуглаж зах зээлийн нээлттэй, ил тод, хүртээмжтэй хөгжлийн бэлгэдэл болсон цан цохих ёслол үйлдлээ.
Үүнд "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Чингис хаан” хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Г.Дашзэвгэ, “Улаанбаатар үнэт цаасны бирж”-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны дэргэдэх биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны дарга Б.Аюуш нар оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь энэхүү арга хэмжээний цар хүрээг “Өнгөрсөн 20 жилийн итгэлцэл, өнөөдрийн хамтын ажиллагаа, маргаашийн хөгжлийн зураглал” хэмээн тодотгож, ийнхүү Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй биржүүдийн удирдлагуудыг хүндэтгэлийн тайзнаа урьсан.

Энэхүү өдөрлөгөөр санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйл ажиллагааны онцлог, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд таниулах, сурталчлах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас иргэд та бүхэнд хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, компанийн бонд зэрэг бүтээгдэхүүний талаар болон хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох, үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалт татах тухай, мөн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

Түүнчлэн зах зээлийн оролцогч байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулалтын зөвлөхүүдээс үнэт цаасны данс хэрхэн нээлгэх, болон санхүүгийн залилан, эрсдэлээс хэрхэн сэргийлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжтой.
Иргэд та бүхнийг энэхүү өдөрлөгт урьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



