Монгол Улсын гадаад харилцааны яаманд өнөөдөр (2026.06.29) “Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Phillip Capital Group (PCG)-ийн хооронд урт хугацааны, стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл явдал боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний төрөлжилт, хөрвөх чадварыг сайжруулахад чиглэх юм.
PhillipCapital Group (PCG) нь 1975 онд үүсгэн байгуулагдсан, Бүгд Найрамдах Сингапур Улсад төвтэй олон улсын санхүүгийн үйлчилгээний групп юм. Тус групп нь дэлхийн 15 гаруй оронд салбар, төлөөлөгчийн газартай бөгөөд 2 сая гаруй харилцагчид үйлчилгээ үзүүлж, 87 тэрбум ам.доллароос дээш хөрөнгийг удирдаж байгаа бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана.

Үүнд:
-
Олон улсын болон институцийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч татах стратеги боловсруулж, зах зээлийн хүртээмж, хөрвөх чадварыг сайжруулах;
-
Зах зээл үүсгэгч (Market Making)-ийн тогтолцоог хөгжүүлж, арилжааны идэвх, үнэ тогтоолтын үр ашгийг нэмэгдүүлэх;
-
Фьючерс, дериватив зэрэг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, эрсдэлийн удирдлага, клиринг, төлбөр тооцооны тогтолцоог боловсронгуй болгоход зөвлөмж өгөх;
-
Зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулагчийн боловсрол, олон улсын роудшоу болон хөрөнгө оруулагчтай харилцах үйл ажиллагааг дэмжин, Монголын хөрөнгийн зах зээлийн олон улсын байр суурийг бэхжүүлэх;
-
Давхар бүртгэл (Dual Listing), хил дамнасан арилжааны платформын холболт (Cross-border Trading Connectivity)-ыг хөгжүүлэх боломжийг судлах;
-
PhillipCapital Group-ийн зүгээс Монголын Хөрөнгийн Биржид стратегийн хөрөнгө оруулалт хийх боломжийг судлах.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохицуулалтын байгууллага болон зах зээлийн оролцогч талуудтай харилцах хамтын ажиллагааг зохион байгуулж, холбогдох дэмжлэгийг үзүүлэх бөгөөд хэрэгжилттэй холбоотой эцсийн шийдвэр, зохицуулалтын хариуцлагыг хоёр тал өөртөө хадгалахаар тус тус тохиролцлоо.
Санамж бичигт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ГЗҮТОГ Д. Мөнхбат болон "Филлип Секьюритиз Прайвит" Лимитед компанийн Гүйцэтгэх захирал Жан Цивэнь Ричмонд нар гарын үсэг зуран баталгаажуулав.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



