“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE hall”-д өнөөдөр (2026.09.08) “Сэндли ББСБ” ХК-аас олон нийтэд санал болгож буй "Сэндли бонд 3.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК-ийн Дэд захирал Б.Баасандорж болон албаны бусад төлөөллүүд оролцсон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орон гүйцэтгэгч Д.Мөнхбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:
“Сэндли ББСБ” ХК-ийн гаргаж буй “Сэндли Бонд 3.0” нээлттэй хүрээнд санал болгож буй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх, цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн нийт хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Монгол Улсын Банк бус санхүүгийн салбарт 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Сэндли ББСБ” нь 2022 оны 9 дүгээр сард Монголын хөрөнгийн бирж дээр өөрийн компанийн хувьцааг олон нийтэд санал болгож хувьцаат компани болсон.
Мөн 2024 оны 8 дугаар сард “Сэндли 2.0” нээлттэй бондыг олон нийтэд санал болгож 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн туршлагатай үнэт цаас гаргагч юм.

"Сэндли ББСБ" ХК нь өнөөдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулж 24 сарын хугацаатай, 19 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 120,000 ширхэг тогтмол хүүтэй энгийн бондыг олон нийтэд санал болгож, 12 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээ зарласан.
Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр бизнесийн үндсэн үйл ажиллагаа болон зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээ мэдэгдлээ.
Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
“Сэндли ББСБ" ХК-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье” хэмээн хэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:
Санхүүгийн зах зээлийн идэвх энэ оны эхний найман сарын хугацаанд эрчимжиж, гуравдугаар улиралд мөн өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Өнөөдөр нээлттэй зах зээлд арилжаалж эхэлж буй “Сэндли Бонд 3.0” өрийн хэрэгсэл нь энэ онд хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон гаргаж буй 14 дэх бүтээгдэхүүн болж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан нийт 613 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, үйл ажиллагаандаа зарцуулаад байна.
Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагын хувьд зах зээлийн тогтвортой өсөлт, идэвхжил, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлдэг.
Үүний зэрэгцээ зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын зүгээс хөрвөх чадвар, арилжааны идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор зах зээл үүсгэгчийн буюу маркет-мейкерийн үйл ажиллагааны зохицуулалтыг шинэчлэн, хэрэгжүүлж эхэлсэн нь онцлох үйл явдал болж байна.

Мөн дотоодын хөрөнгө оруулагчдад гадаадын зах зээлд арилжаалагдаж буй үнэт цаас болон сангийн нэгж эрхэд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч байна. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжаалагддаг 17 ETF-ийн багцыг бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын сан биржид бүртгэгдэн, арилжаалж эхэлсэн. Ингэснээр дотоодын хөрөнгө оруулагчид мэргэжлийн хөрөнгө оруулалтын багийн удирдлагад байдаг сангаар дамжуулан гадаадын зах зээлд арилжаалагддаг олон төрлийн ETF-д харьцангуй бага зардлаар хөрөнгө оруулах боломж бүрдэж байна.
“Сэндли ББСБ” ХК нь нээлттэй хувьцаат компани төдийгүй 2021 болон 2023 онд нээлттэй бонд тус тус амжилттай гаргаж, хөрөнгө оруулагчдын танил болсон, банк бус санхүүгийн болон финтекийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах үйл ажиллагаа тогтмолжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж буй зах зээлийн оролцогч юм.
Ингээд өнөөдөр “Сэндли ББСБ” ХК-ийн бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж буйтай холбогдуулан тус компанийн нийт хамт олон, бондын андеррайтерын үйлчилгээг үзүүлж буй үндсэн болон туслах андеррайтерууд, хууль, аудитын байгууллага болон энэхүү үйл ажиллагаанд оролцож буй нийт мэргэжлийн байгууллага, хамт олонд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэв.
“Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат:

“Сэндли ББСБ” ХХК 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр анхдагч зах зээлд хувьцаагаа санал болгон олон нийтийн компани болсон. Тухайн үед 10 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дээр нэмж 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зах зээлээс татан төвлөрүүлж байсан бол өнөөдөр өөрийн хөрөнгийн хэмжээ 59 тэрбум төгрөгт хүрээд байна. Ийнхүү IPO хийснээс хойших дөрвөн жилийн хугацаанд компанийн өөрийн хөрөнгө 4.9 дахин өссөн.
Мөн 2022 онд нийт активын хэмжээ 30 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 152 тэрбум төгрөгт хүрч, тав дахин өссөн амжилтыг үзүүлээд байна.
Бид 2022 оноос хойш Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дөрөв дэх бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байна. Энэхүү өсөлт, хөгжил, амжилт нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, зохицуулалтын таатай нөхцөл нь стартап болон аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хурдацтай хөгжих шинэ боломжийг бүрдүүлж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.
Өнөөдрийн амжилтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, биднийг дэмжин хамтран ажилласан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага болон нийт оролцогч талууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
“Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Б.Баасандорж:

“Сэндли ББСБ” ХК нь өмнө нь хоёр удаа нээлттэй бонд гаргаж нийт 18.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж, хөрөнгө оруулагчиддаа 6.2 тэрбум төгрөгийг хуваарилсан.
Энэ удаагийн “Сэндли 3.0” бонд 2026 онд хөрөнгийн зах зээлд гарч ирж буй хамгийн өндөр зээлжих зэрэглэлтэй компанийн бонд гэдгээрээ онцлог юм. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Төгсгөлд нь “Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат биржийн 7786 удаагийн үнэт цаасны арилжааг нээх цан цохих ёслол үйлдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



