• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-09-15 16:48:58

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш өнөөдөр /2023.09.15/ төмрийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металл группийн менежер Ц.Төгсбуян, “Монголросцветмет” ТӨҮГ-ын Эдийн засаг, худалдааны бодлогын газрын дарга Н.Тэгшжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай цан цохих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж 2023 оны 1-р улирлаас эхлэн УУББ-ийн үндсэн арилжаа болох нүүрсний арилжааг амжилттай зохион байгуулж 5.7 сая тонн нүүрс арилжсан бөгөөд энэ өдөр 125 дахь удаагийн түүхий эдийн, төмрийн баяжмалын анхны арилжааг ийнхүү эхлүүлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын бүтээгдэхүүнүүдийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан арилжаалах үүрэг хүлээсэн. Ингэснээр биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх бодит нөхцөл бүрдлээ.

Түүнчлэн энэхүү үүргийн хүрээнд бид арилжааны системийн өргөтгөл шинэчлэл, “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг батлах ажлуудыг зохион байгуулж, төмрийн баяжмалын анхны арилжааг хийхэд ийнхүү бэлэн болоод байна.

Арилжааны танхимд төмрийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлэн гэрээ байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-иудын удирдлага, төлөөлүүд хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна. Ийнхүү бид цан цохих ёслолын ажиллагааг хамтдаа эхлүүлж байна” гэв.

“Эрдэнэс монгол” ХХК-ийн Зэс, металл группийн менежер Ц.Төгсбуян:

“Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр арилжаалах, тэр дундаа Монголын хөрөнгийн биржийн тусламжтайгаар өнөөдөр анх удаа төмрийн хүдрийг арилжаалах үйл явц эхэлж байна. Нэгдлийн хэмжээнд 3 төрлийн төмрийн хүдэр баяжмалыг экспортолдог. 2023 онд 1 сая гаруй тонн төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжих төлөвтэй байна. Өнөөдөр 65 хувийн агууламжтай, 7 багц, 21,000 тонн төмрийн баяжмалыг арилжаалах захиалга өгөөд байна. Энэ өдрийг хүртэл бүхий л талаар дэмжиж ажилласан МХБ-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав:

“Өнөөдөр бид Монгол Улсын хэмжээнд анх удаа төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалах түүхэн үйл явцын гэрч болж байна. Биржээр бүтээгдэхүүн арилжаалахын гол давуу тал нь бүтээгдэхүүнийг нэрлэсэн үнээс өсгөж зарна. Ингэснээрээ манай улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ ханшид ойртуулж буй онцгой үйл явдал юм. Өмнө нь бидний арилжаа суурь үнийн 50%-ийг урьдчилж авдаг байсан бол бүтээгдэхүүнээ Монголын хөрөнгийн биржээр арилжсанаар төлбөр тооцоо 100% орж ирж, бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх асар их давуу тал бий боллоо. Үүнтэй зэрэгцэн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зах зээл нь нээлттэй, ил тод системийг бүрдүүлж чадсанаараа МХБ улс орны эдийн засагт маш том дэвшил авчирч байна” хэмээн онцолсон.

Төгсгөлд нь оролцогч талуудын төлөөллүүд цан цохиж, арилжааг нээв.

Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  батлагдсан "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль"-ийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Засгийн Газрын ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан арилжаалахаар шийдвэрлэсэн билээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ