Санхүүгийн тайлант хугацаанд үйл ажиллагаанаас олсон ашгийг бусдын болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, хариуцлагатай хандаж хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартаа ногдол ашиг хуваарилах уу эсвэл бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн, сайжруулах зэрэгт хөрөнгө оруулалт хийх үү гэдэг асуудал ашигтай ажиллаж буй бүхий л аж ахуйн нэгж болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын өмнө тулгардаг билээ.
Компани нь олсон ашгаасаа хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчиддаа бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, түүнчлэн үнэт цаас хэлбэрээр ногдол ашиг болгон хуваарилж болохоор өнөөгийн мөрдөгдөж буй Монголын Улсын хууль эрх зүйн хүрээнд заасан байдаг.
Тухайн компанийн удирдлага буюу Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ нь жил бүрийн эхний 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргаж хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байдаг.
2014 оны 3-р сарын 31-ний өдрийн байдлаар МХБ-д бүртгэлтэй нийт 249 компанийн 17.7 % буюу 44 ХК хувьцаа эзэмшигчиддээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар ТУЗ-өөрөө хэлэлцэж, үүнээс 11 ХК нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Үүнд: “Газар сүлжмэл” ХК нэгж хувьцаанд 7233.39 төгрөг, “Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаанд 355 төгрөг, “Техник импорт” ХК нэгж хувьцаанд 200 төгрөг, “Говь” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг, “Талх чихэр” ХК нэгж хувьцаанд 110 төгрөг, “Мах импекс” ХК нэгж хувьцаанд 100 төгрөг, “Тахь ко” ХК нэгж хувьцаанд 65 төгрөг, “Би Ди Сек” ХК нэгж хувьцаанд 11.78 төгрөг, “Ачит алкабы” ХК нэгж хувьцаанд 10 төгрөг, “Гермес центер” ХК нэгж хувьцаанд 5.82 төгрөг, “Эрдэнэт суварга” ХК нэгж хувьцаанд 5 төгрөг тус тус хуваарилсан байна.
2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа биржид
108 ХК ирүүлсний 50% буюу 54 ХК нь өнгөрөгч онд ашигтай ажиллаж, үүнээс
11 ХК нь 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ
тараахаар шийдвэрлэжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ